Квинсленд мужийн 2022 – 2023 оны ур чадварын визний хөтөлбөр
22-08-22

Квинсленд мужийн 2022 – 2023 оны ур чадварын визний хөтөлбөр

Квинсленд муж нь 2022-2023 оны ур чадварын визний хөтөлбөрөө нээж, шинээр визний материал (аппликейшн) хүлээн авах боломжтой боллоо. Энэ жилийн хувьд 3000 хүнд 190 визний урилга, 1200 хүнд 491 визний урилга өгөх квот батлуулж чадсан бөгөөд энэ квот дуусах хүртэл хөтөлбөр нь нээлттэй байх юм.

Энэ жилийн хувьд өмнөх жил баталсан спонсорын журмаа ерөнхийдөө хадгалсан байгаа ч, нилээд чухал өөрчилөлт нэмж оруулсан байгааг анхаарал татаж байна.

QLD мужийн 190, 491 визний номинацид тавигдах шаардлагууд

190, 491 визний урилгыг дараах 4 төрлөөр виз горилогчдыг шалгаруулж, олгоно:

I. Квинсленд мужийн аль нэг их сургууль төгссөн төгсөгчид (бакалавр, мастер, докторын аль нэг зэрэгтэй төгссөн байх)

Энэ төрлөөр визний урилга буюу номинаци хүсэж буй виз горилогчид нь дараах ерөнхий шалгууруудыг хангасан байна.

o 190 визний хувьд онооны систем дээр 80 – аас доошгүй оноо, 491 визний хувьд 65-аас доошгүй оноо авсан байх,

o 45 наснаас доош байх,

o Сонгон орж буй мэргэжлээрээ ур чадварын үнэлгээ хийлгэсэн байх,

o Англи хэлний чадварлаг төвшинтэй (proficient – IELTS 7) байх,

o PhD, докторын сургалтаас бусад сургалт (өөрөөр хэлбэл, Баклавр болон Мастерийн зэрэгтэй төгссөн) дүүргэсэн виз горилогчид Квинсленд мужид бүртгэлтэй компани байгууллагад ажиллаж буйг нотлох баримт үзүүлэх

PhD, докторын сургалт дүүргэсэн оюутнуудын хувьд онцлох давуу тал байгааг дурьдвал, хэрэв сүүлийн 2 жилийн дотор 100 хувь Квинсленд мужийн их сургуульд суралцаж төгссөн бол ажлын санал авсан байх шаардлагагүй, мөн Department of Home Affairs буюу Виз, цагаачлалын яамнаасгаргасан Ур чадвартай мэргэжлийн аль ч жагсаалтанд (LIN 19/051) орсон аль нэг мэргэжлийг сонгон оролцож болно.

Мастерийн сургалтанд хамрагдсан оюутнууд 190 визний номинаци хүсэх бол дараах нэмэлт шаардлага тавьж байгаа.

o Квинсленд мужид амьдарч байх,

o 100 хувь Квинсленд мужийн их сургуульд суралцаж төгссөн бөгөөд энэ сургалт зөвхөн STEM салбарт хамаарах сургалт байна. STEM гэдэг нь science, technology, engineering, and mathematics гэсэн үгүүдийн товчилол бөгөөд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикт суурьтай сургалтыг хэлнэ.

o Сүүлийн 2 жилийн дотор сургуулиа төгссөн байх

o Өөрийн мэргэжлээрээ буюу STEM салбарт хамаарах мэргэжлээр Квинсленд мужид бүртгэлтэй компани байгууллагад бүтэн цаг (35-аас дээш цаг) ажилладаг байх

Мастерийн сургалтанд хамрагдсан оюутнууд 491 (мужийн спонсор) визний номинаци хүсэх бол нэмэлт шаардлага нь илүү зөөлөрч байгаа. Үүнд:

o Квинсленд мужийн орон нутгийн бүсчилэлд хамаарах бүсд амьдарч байх,

o 100 хувь Квинсленд мужийн их сургуульд суралцаж төгссөн

o Сүүлийн 2 жилийн дотор сургуулиа төгссөн байх

o Ур чадвартай мэргэжлийн аль ч жагсаалтанд (LIN 19/051) орсон аль нэг мэргэжлийг сонгон орох,

o Өөрийн мэргэжлээрээ буюу ижил төстэй мэргэжлээр Квинсленд мужийн орон нутагт бүртгэлтэй компани байгууллагад бүтэн цаг (35-аас дээш цаг) ажилладаг байх

Бакалавр зэрэгтэй төгссөн бол зөвхөн 491 визний номинаци хүсэх боломжтой. Тавигдах шаардлага нь:

o Квинсленд мужийн орон нутгийн бүсчилэлд хамаарах бүсд амьдарч байх,

o 100 хувь Квинсленд мужийн их сургуульд суралцаж төгссөн байх,

o Сүүлийн 2 жилийн дотор сургуулиа төгссөн байх,

o Голч дүн нь 5.5-аас дээш байх.

o Ур чадвартай мэргэжлийн аль ч жагсаалтанд (LIN 19/051) орсон аль нэг мэргэжлийг сонгон орох,

o Өөрийн мэргэжлээрээ буюу ижил төстэй мэргэжлээр Квинсленд мужийн орон нутагт бүртгэлтэй компани байгууллагад бүтэн цаг (35-аас дээш цаг) ажилладаг байх

Анхаарах зүйл нь гэвэл, хэрэв Бакалавр төгссөн хүмүүс 190 байнгын оршин суух виз мэдүүлэх хүсэлтэй бол төгсөгчийн ангиллаар биш, Квинсленд мужид ажиллаж, амьдарч буй ур чадвартай мэргэжилтнүүдийн ангиллаар мэдүүлэх хэрэгтэй.

II. Квинсленд мужид ажиллаж байгаа ур чадвартай мэргэжилтнүүд

Квинсленд мужид ажиллаж, амьдарч буй ур чадвартай мэргэжилтнүүдийн хувьд дараах шаардлагуудыг хангах ёстой. Үүнд:

o 190 визний хувьд онооны систем дээр 80-аас доошгүй оноо, 491 визний хувьд 65-аас доошгүй оноо авсан байх,

o 45 наснаас доош байх

o Өөрийн мэргэжил буюу Ур чадвартай мэргэжлийн аль ч жагсаалтанд (LIN 19/051) орсон аль нэг мэргэжлээр ур чадварын үнэлгээ хийлгэсэн байх,

o Англи хэлний чадварлаг төвшинтэй (proficient – IELTS 7) байх (хэрэв дунд мэргэжил буюу мужаан, гагнуурчин мэргэжилтэй адилтгах мэргэжлийн хувьд Англи хэлний хангалттай төвшинтэй (competent – IELTS 6) байхыг зөвшөөрнө.

o 190 визэнд хандахаас өмнө өөрийн мэргэжлээрээ дор хаяж 6 сарын турш ажилласан байх (долоо хоногт 35 цагаас багагүй цаг ажилласан байх); 491 визэнд хандахаас өмнө өөрийн мэргэжлээрээ дор хаяж 3 сарын турш ажилласан байх (долоо хоногт 35 цагаас багагүй цаг ажилласан байх)

o Квинсленд мужид бүртгэлтэй компани байгууллагад цаашид дор хаяж 12 сар ажиллах хөдөлмөрийн гэрээ, нотлох баримт үзүүлэх

o Мөн Квинсленд мужид ажиллаж амьдарна гэсэн баталгаа харуулах. Үүнд: 190 визэнд багадаа2 жил, 491 визэнд багадаа 3 жил.

III. Хилийн гаднах ур чадвартай мэргэжилтнүүд

Энэ ангилалаар виз мэдүүлэгчидэд тавигдах шаардлага нь:

o 190 визний хувьд онооны систем дээр 80-аас доошгүй оноо, 491 визний хувьд 65-аас доошгүй оноо авсан байх,

o 45 наснаас доош байх

o Квинсленд мужаас гаргасан Хилийн гаднаас виз хүсэгчдэд зориулсан эрэлттэй мэргэжлийн жагсаалтад байгаа аль нэг мэргэжлээр ур чадварын үнэлгээ хийлгэсэн байх,

o Англи хэлний чадварлаг төвшинтэй (proficient – IELTS 7) байх,

o Визэнд хандахаас өмнө өөрийн мэргэжлээрээ дор хаяж 3 жилийн турш (зарим мэргэжлийн хувьд 5 хүртэлх жил) ажилласан байх (долоо хоногт 35 цагаас багагүй цаг ажилласан байх);

IV. Хөдөө орон нутагт жижиг бизнес эрхлэгчийн хөтөлбөр

Энэ хөтөлбөрийг Квинсленд муж нь 3 дах жилээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс дараах шаардлагуудыг хангасан байна.

o Зөвхөн бүтэн цагаар ажиллах эрхтэй визтэй байх (долоо хоногт багадаа 35 цаг ажиллах эрх)

o онооны систем дээр 65-аас доошгүй оноо авсан байх,

o англи хэлний итгэлтэй төвшинтэй (competent – IELTS 6) байх

o 45 наснаас доош байх

o Квинсленд мужийн хөдөө орон нутагт 3 жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулж буй бизнесийг худалдаж авсан байх

o Бизнесийн худалдан авах нийт үнэ нь $100,000-с багагүй байх, эсвэл уг бизнесийн номинаци хүсэхээс өмнөх 2 жилийн борлуулалтын орлого нь дор хаяж 200,000 австрали долларт хүрч байх,

o Жижиг Бизнес эрхлэгч 491 визний спонсор хүсэхээсээ өмнө багадаа 6 сар тухайн бизнесийг эрхлэн явуулсан байх бөгөөд ингэж ажиллахаас өмнө бизнесээ худалдан авсан байх,

o Мэргэжил тань эрэлттэй мэргэжлийн аль нэг жагсаалтад байх

o Өмнө нь амжилттай эрхэлж байсан бизнесийн туршлага болон мэдлэг боловсролтой байх

o Тухайн бизнесийг 100% эзэмшдэг байх

o Австралийн иргэн эсвэл байнгын оршин суугч ядаж 1 хүн долоо хоногт 20 цагаас доошгүй (эсвэл 2 хүн тус бүр 10 цагаас доошгүй) цагаар ажиллуулах,

o Францайз болон комисион төлдөг бизнесүүд, гэрээсээ үйл ажиллагаа явуулдаг бизнесүүд хамрагдах боломжгүй.

o Квинсленд мужид суурьшин амьдрах хангалттай хадгаламжтай байх

Дашрамд дурьдахад, Квинсленд муж нь Мужийн спонсорын 190 болон Хөдөө орон нутгийн ур чадвартай ажлын спонсорын 491 виз гэсэн 2 визний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

· 190 виз нь байнгын оршин суух виз бөгөөд энэхүү визний хөтөлбөрт оролцох сонирхлоо илэрхийлсэн виз горилогчдийг мужаас тодорхой шалгууруудаар шалгаруулж, тэнцүүлж урилга олгодог.

· 491 виз нь урьдчилсан байнгын оршин суух виз бөгөөд байнгын оршин суугч болохын өмнө дор хаяж 3-5 жил хөдөө орон нутагт амьдрах нөхцөл тавигддаг. Энэ нөхцөлөө биелүүлсэн тохиолдолд байнгын оршин суух виз авах боломжтой болно гэсэн үг.

491 визэнд дараах посткодууд хамаарагдана:

4019–4022, 4025, 4037, 4074, 4076–4078, 4124–4125, 4133, 4183–4184, 4207–4275, 4280–4287, 4300–4301, 4303–4498, 4500–4512, 4514–4519, 4521, 4550–4575, 4580–4895.

Skip to content
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.