Differences between Australian and Canadian skilled visas
22-09-21

Differences between Australian and Canadian skilled visas

Австрали болон Канад улс нь гадаадад ажиллах, цагаачлах хүсэлтэй хүмүүсийн хамгийн их очихыг хүсдэг улс орнуудын тоонд яах аргагүй ордог. Дээрх хоёр улсад адил төсөөтэй зүйл олон байдаг бөгөөд заримаас нь дурьдвал, хоёулаа хүн амьдрахад хамгийн таатай улс орнуудын жагсаалтыг тэргүүлдэгээс гадна, цагаачлалыг дэмжиж, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлдэг.
Энэхүү нийтлэлээр хоёр улсын ур чадварын визний хөтөлбөрийн гол ялгаануудыг харуулахыг зорив. Үүнд Австрали улсын Skilled visa буюу Ур чадварын виз болон Канад улсын Skilled Worker program буюу Чадварлаг ажилтан хөтөлбөрийг харьцуулсан болно. Уг харьцуулалт нь анхан шатны мэдээлэл өгөх зорилготой ба дэлгэрэнгүй мэдээллийг манай хуульчид болон виз цагаачлалын зөвлөхүүдтэй холбогдон авч болно.
Ур чадварын виз (Австрали улс) ба Чадварлаг ажилтан хөтөлбөр (Канад улс)
Цагаачлалын хамгийн түгээмэл хөтөлбөр болох Австрали улсын Skilled Independent program (subclass 189), Канад улсын Federal Skilled Worker (FSW) program гэсэн хоёр визийг харьцуулж авч үзье. Эдгээр хоёр виз нь боловсрол, англи хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага гэх мэт олон үзүүлэлтээр өндөр ур чадвартай хүмүүсийг шалгаруулж, байнга оршин суух эрх олгох зорилготой визний хөтөлбөрүүд юм. Виз горилогч нь заавал тухайн улсын ажлын урилгатай эсвэл гэр бүл, мужийн спонсор авсан байх шаардлагагүй байдагаараа онцлогтой.
Энэ хоёр виз нь тухайн улсдаа удаан хугацаагаар ажиллаж амьдрах, байнга оршин суух (Permanent resident visa) эрх олгодогоос гадна, улмаар иргэн болох үүд хаалгыг нээж өгдөг. Дээрх ур чадварын визнүүд нь онооны систем дээр суурилах бөгөөд нийт хэдэн оноо авахаас шалтгаалан виз горилогчдийг тэнцүүлдэг.
Маш энгийнээр тайлбарлахад, онооны визний хөтөлбөрт хүсэлтээ илэрхийлэх нь тендерт оролцох процесстой маш төсөөтэй байдаг. Виз горилогч нь өөрийн нас, мэргэжил, ажлын туршлага, хэлний түвшин зэргийг урьдчилан үнэлээд онооны визний гол шалгууруудыг хангаж буй эсэхээ өөрөө тодорхойлно. Энэ нь тендерт оролцох хүсэлтэй компани тендер шалгаруулах журмыг уншиж танилцаад өөрийнхөө компанийг оролцох боломжтой эсэхийг тодорхойлдогтой адил гэсэн үг.
Хоёр улсын ур чадварын визний гол ялгаа
Хэрэв Австрали улсын Ур Чадвартай Бие даагчийн 189 ангилалын виз авахын тулд виз мэдүүлэгч нь эхлээд өөрийн боловсрол болон ажлын туршлагаа мэргэжлийн үнэлгээ хийдэг байгууллагаар үнэлүүлэн дүйцүүлдэг. Энэ процессыг “skill assessment” буюу ур чадварын үнэлгээ хийх гэж нэрлэдэг бөгөөд тухайн мэргэжлийн онцлогоос хамаараад харилцан адилгүй шаардлагатай.
Тухайлбал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай, мэргэжлийн өндөр шалгуур тавигддаг эмч, хуульч, мэргэжлийн хувьд ур чадварын үнэлгээ хийлгэх үйл ажиллагаа төвөгтэй байдаг бол хүний амь нас, аюулгүй байдалтай тэр бүр холбоогүй ердийн мэргэжлүүд болох нягтлан бодох, маркетингийн менежер зэрэг зарим мэргэжлийн хувьд ур чадварын үнэлгээ хийх процесс илүү хялбар байдаг. Гэхдээ дийлэнх тохиолдолд ур чадварын үнэлгээ нь тухайн хүний мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, хэлний түвшин гэсэн гурван үндсэн үзүүлэлт дээр тулгуурлана.
Харин Канад улсын хувьд дийлэнх мэргэжлийн хувьд ур чадварын үнэлгээ хийлгэх шаардлагагүй, үүний оронд боловсролын дипломоо Канадулсын боловсролын дипломтой дүйцүүлэх үнэлгээ хийлгэх ёстой. Хэрэв Канад улсад суралцаж, төгссөн бол ийм үнэлгээ шаардлагагүй байдаг нь давуу тал болдог. Зөвхөн суралцаж, төгссөн сургуулийн дипломыг үндэслэн үнэлгээ хийгдэх учраас Австрали улсынхыг бодвол илүү хялбар байна гэсэн үг.
Гэхдээ Канад улсын Чадварлаг ажилтан хөтөлбөрт хамрагдахын тулд мэргэжлээрээ хамгийн багадаа нэг жил бүтэн цагаар ажилласан байх шаардлагатай (заавал Канад улсад ажилласан байх шаардлагагүй). Австрали улсын адил Канад улс нь мэргэжлээрээ ажилласан туршлагыг Үндэсний Мэргэжлийн Ангилал буюу National Occupational Classification (NOC) дагуу ур чадварын 0, А эсвэл Б зэрэг гэж тодорхойлдог.
Өөр нэг ялгаа нь нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалт нь хоёр улсын хувьд ялгаатай байдаг бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн шаардлагаас хамааран зарим мэргэжил хасагдах, нэмэгдэх байдлаар өөрчлөлт орж байдаг.
Онооны системийн харьцуулалт
Тус хоёр улсын визний хөтөлбөрүүд нь хоёулаа оноон дээр суурилдаг ба виз мэдүүлэгчдийг нийт цуглуулсан онооны дагуу эрэмбэлж виз мэдүүлэх урилга олгох, эс олгохыг шийддэг байна. Онооны систем нь виз горилогчдийг нас, хэлний чадвар, ажлын туршлага, боловсрол, тус улсад суралцсан эсэх, хөдөө орон нутагт ажилласан гэх зэрэг шалгууруудаар үнэлж, тохирох оноог олгодог. Австрали улсын хувьд босго оноо 65 байдаг бол харин Канад улс багадаа 67 оноотой байхыг шаарддаг байна.

Шалгуур

Австрали

Канад

Тухайн шалгуураас авч болох дээд оноонуудыг жагсаав

Нас

30

12

Хэлний чадвар

20

28

Мэргэжлээрээ ажилласан туршлага

15

15

Тухайн улсад ажилласан туршлага

20

10

Боловсрол

20

25

Бусад (хөдөө орон нутагт сурсан эсэх, Австрали улсын түгээмэл хэлний мэдлэг, гэр бүлийн хүний хэлний мэдлэг, ур чадвар) 

20

10

Босго оноо

65

67

Виз горилогч нь босго оноог давсан нь виз мэдүүлэх эрхтэй болж байна гэсэн үг биш. Австрали, Канад улсууд руу цагаачлах хүсэлтэй маш олон хүн байдаг тул энэхүү босго оноог авах зөвхөн онооны системийн бүртгэлд орох анхны алхам юм. Бусад виз горилогчдоос илүү их өндөр оноо авах шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.
Австрали улсын виз мэдүүлэх явц
Австрали улсын ур чадварын хөтөлбөрт виз мэдүүлэх нь Канадын улсын онлайн Express Entry системтэй адилхан юм. Үүнд багадаа 65 оноотой бол виз мэдүүлэгч Skillselect онлайн систэмээр дамжуулан хүсэлтээ мэдүүлэх ёстой байдаг. Канад улсын адил, Австрали улс нь хоёрдогч онооны системгүй ба виз мэдүүлэгчийг хооронд эрэмбэлж харьцуулан жагсаадаг байна.
Австралийн цагаачлалын алба нь Skillselect системд бүртгэлтэй өндөр оноотой хүмүүс рүү сар бүр виз мэдүүлэх урилга явуулдаг байна. Хамгийн өндөр оноотой хүсэлтээ гаргасан хүмүүс виз мэдүүлэхээр уригддаг байна. Хэрэв хүсэлт явуулсан хүмүүс ижил оноотой бол Skillselect системд түрүүлж бүртгүүлсэн хүмүүс рүү урилга явуулдаг байна. Уг систем нь хүсэлт гаргасан хүний мэдээллийг хоёр жилийн турш хадгалж байдаг. Хэрвээ хоёр жилийн дотор урилга авч чадаагүй бол өмнөх мэдээлэл устаж дахин шинээр оруулах хэрэгтэй.
Австралийн цагаачлалын хөтөлбөр нь мэргэжил тус бүрт тогтсон квоттой байдаг ба тухайн жилийн квот дүүрсэн тохиолдолд дараа жил хүртэл дахин урилга явуулдаггүй байна.
Урилга хүлээж авсаны дараа, виз мэдүүлэгч нь 60 хоногийн дотор Австралийн Цагаачлалын Албанд визээ мэдүүлж, бичиг баримтаа явуулах шаардлагатай. Хэрэв виз амжилттай мэдүүлсэн тохиолдолд, виз мэдүүлэгч гэр бүлийн гишүүдийн хамт байнгын оршин суух визээ хүлээн авна.
Канадын улсын виз мэдүүлэх явц
Канад улсын Чадварлаг ажилтан хөтөлбөрт хамрагдахын тулд Express Entry системд өөрийн мэдээллээ оруулж, бүртгүүлэх шаардлагатай. Уг системд бүртгүүлэхийн тулд дээр дурдсан онооны системийн дагуу багадаа 67 оноотой байх шаардлагатай.
Австрали улсын Ур чадварын визний босго оноо буюу 65 оноо авах виз авна гэсэн баталгаа биш байдагтай адил Express Entry системийн шалгуурыг хангаж, бүртгүүлсэн байх нь виз авлаа гэсэн үг биш. Канад улсын хувьд виз горилогчдыг шигших процесс нь хоёр шатлалтай явагддагаараа Австрали улсынхаас ялгаатай байна.
Express Entry системд доод тал нь 67 оноо авч бүртгүүлсэн хүмүүсийг Comprehensive Ranking System (CRS) буюу Зэрэглэл тогтоох нарийвчилсан системийн тусламжтайгаар шалгаруулж, хамгийн өндөр оноотой хүмүүс рүү урилга явуулдаг байна. Зэрэглэл тогтоох нарийвчилсан системийн дээд оноо нь 1200 байх бөгөөд багадаа 471 оноо авсан виз горилогчид визний урилга авах боломжтой. Express Entry системд оруулсан мэдээлэл 12 сарын турш хүчинтэй байдаг энэ хооронд визний урилга аваагүй бол дахин бүртгүүлэх шаардлагатай болдог.
Ойролцоогоор хоёр долоо хоног тутам, Канадын Засгийн Газар нийт виз мэдүүлэгч дундаас хамгийн өндөр CRS оноотой хүмүүс рүү виз мэдүүлэх урилга явуулдаг байна. Хэрэв виз мэдүүлэгч нь энэхүү урилгад тэнцсэн тохиолдолд, гэр бүлийн гишүүдийн хамт байнга оршин суух визээ хүлээн авдаг.
Виз гарах хугацаа болон визний хураамж
Австралийн ур чадварын визний хураамж үндсэн виз мэдүүлэгчийн хувьд $4115 бол дагалдан зорчих эхнэр эсвэл нөхөрийн визний хураамж $2055 байдаг. Харин насанд хүрээгүй хүүхдийн хувьд хүүхэд тус бүр $1030 байдаг.
Канадын улсын визний хураамж нь Австрали улстай харьцуулахад харьцангуй хямд байдаг. Канад улсын Чадварлаг ажилтан хөтөлбөрийн виз мэдүүлэгчийн хувьд насанд хүрсэн хүн тус бүр $1325 бол хүүхдийн хувьд хүүхэд тус бүр $225 байдаг. Гэхдээ виз мэдүүлэх явцад бусад зардал гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Харин виз гарах хугацааны хувьд хоёр улс ойролцоо. Канад улсын Express Entry системд бүртгүүлж, урилга авсан нийт виз мэдүүлэгчдийн 80% нь визээ мэдүүлсэнээс хойш 6 сарын дотор визээ хүлээн авдаг бол Австрали улсын ур чадварын цагаачлалын хөтөлбөрт оролцож, визний урилга авсан нийт виз мэдүүлэгчдийн 90% нь төлбөрөө төлсөнөөс хойш 6 сарын дотор визээ хүлээн авдаг байна. Гэхдээ визний материал хэлэлцэх ерөнхий хугацаа нь Ковид 19 – той холбоотойгоор өөрчлөгдөж байгааг анхаарна уу.
Австрали, Канад улсад цагаачлах (байнга оршин суух эрх авах) бусад боломжууд
Дээрх цагаачлалын хоёр хөтөлбөр нь заавал тухайн улсад сурсан, ажилласан байхыг шаарддаггүй ба өндөр ур чадвартай хүн бүрт нээлттэй хөтөлбөрүүд юм. Харин виз мэдүүлэгч нь Австрали улсад сургууль төгссөн, аль эсвэл Австрали улсын компаниас ажлын урилга хүлээн авсан бол өөр төрлийн визэнд хандах боломжтой юм.
Жишээ нь, Австрали улс нь ур чадвартай цагаачдад зориулсан Мужаас нэр дэвшүүлэгчийн 190 виз (State Nominated 190 visa), хөдөө орон нутагт суурьшуулах зорилготой Ур чадварын түр 491 виз (Provisional Skilled 491 visa), Хөдөө орон нутгийн байнгын оршин суух 191 виз (Skilled Regional Permament v191 visa), мөн Австрали улсын иргэн, байнгын оршин суугчтай гэр бүл болсон тохиолдод олгодог Гэрлэлтийн виз (Partner visa) зэрэг өөр олон төрлийн визний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний адил, Канад улс нь хөдөө орон нутагт сурч, ажиллаж байсан эсвэл гэр бүлийн гишүүд нь тэнд байнгын оршин суух визээр амьдардаг хүмүүст зориулж хөдөө орон нутгийг дэмжих Provincial Nominee Programs (PNPs) визний хөтөлбөрүүдтэй.
Мөн түүнчлэн, Австрали улс нь Австрали улсын компани, аж ахуйн нэгжээс ажлын урилга авсан хүмүүст зориулж, Ур чадварын хомсдол нөхөх түр виз 482 (Temporary Skill Shortage 482 visa), Ажил олгогчийн спонсорын 186 виз (Employer Nomination Scheme 186 visa) гэсэн түр болон байнгын оршин суугчийн 2 төрлийн визний хөтөлбөртэй.
Хэрэв та Австрали улсын цагаачлалын хөтөлбөрт хамрагдах болон дээрх төрлийн визнүүдийг мэдүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай info@garudamigration.com хаяг руу холбогдож мэргэжлийн цагаачлалын зөвлөхөөс зөвлөгөө аваарай.
Skip to content
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.